Майхант аяллаар нүүдэлчин ахуй соёлоо дэлхий дахинд сурталчилна



Скаут хүүхдүүдийн майхант зусланг энэ сарын 27-ноос эхлэн 7 хоногийн турш Олон улсын хэмжээний нэр хүндтэй цугларалтыг хүүхдийн “Найрамдал” цогцолборт Монголын Скаутын Холбоо Ази Номхон Далайн Бүсийн 31-дүгээр Жембори зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа орсон. Энэ талаар өнөөдөр зохион байгуулагчид мэдээлэл өглөө.

“Майхант цугларалт” буюу Жембори эхлэхэд зургаан хоног үлдсэн байна.

Чуулга уулзалтад

  • Ази-Номхон далайн бүсийн орнууд,
  • Европ, Америк тивийн нийт 40 орны 1,500 скаут,
  • Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн 4,000 гаруй скаут,
  • Сайн дурын 1,500 гаруй удирдагч,
  • Нийт 7,000 хүүхэд залуучууд оролцох аж.

Дөрвөн жилд нэг удаа болдог бүс нутгийн энэхүү цугларалт Монгол Улсад анх удаа болж буй төдийгүй Ази тивийн өндөрлөг, сэрүүн, дөрвөн улирал бүхий улс оронд анх удаа тохиож байгаагаараа онцлог ажээ. Урьд нь зохиогдсон 30 удаагийн Жембори халуун дулаан уур амьсгалтай улс орнуудад зохиогдож байжээ. Өмнөх 30 дугаар Жембори 2013 онд Японд болж, 14 мянган скаут цугласан байна. 

Арга хэмжээг Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газар хамтран зохион байгуулж байгаа бол Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Засгийн Газрын Ажлын хэсэг, Нийслэлийн Засаг даргын захирамжаар Нийслэлийн Ажлын хэсэг байгуулагдан дэмжиж ажиллаж байна.

Монголын скаутын холбооны Ерөнхийлөгч Л.Байгалмаа хэлэхдээ "Монголын Скаутын Холбоо нь үүсгэн байгуулагдаад 26 жил болж байна. Энэ жил хамгийн анхны том арга хэмжээ болох Азийн Номхон Далайн Бүсийн 31-дүгээр Жембориг зохион байгуулах гэж байна. Жембори гэдэг нь дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг 11-17 насны хүүхэд залуучуудын майхантай, өөрсдөө хоол хийж иддэг чуулга уулзалт юм.

Жембори нь хүүхдүүдийг байгаль дэлхийтэй ойр байлгаж, хайрлаж хамгаалах, өв тэгш хүмүүжилтэй зөв хүн болж төлөвшүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ. Мөн энэхүү арга хэмжээ нь Монголд анх удаа болж байгаа хамгийн олон хүүхэд, залуучуудыг хамруулсан цугларалт гэдгээрээ онцлог юм" гэв.

Манай улсад 7.000 скаутууд нэг дор цуглана. Энэ нь Японы цугларалттай харьцуулбал цөөн мэт санагдавч 650 хүүхэд хүлээн авах чадалтай Найрамдал төвийн хүчин чадлаас 10 дахин олон, тэр дундаа гадаадын олон орны скаутуудыг тав тухтай амрааж, цэнгүүлэхийн тулд бэлтгэл их шаардсан гэдгийг зохион байгуулагчид онцолсон юм. Цугларалтын үеэр орон орны хүүхдүүдэд эх орноо сурталчлан таниулах, Монголын онцлогийг харуулах сайхан боломж. Энэ жилийн жемборийн уриа “Нүүдэлчдийн зүг” /Go nomad/. Тиймээс ч нүүдэлчин ахуй соёлыг илүүтэй харуулахаар цогцолборыг тусгайлан байгуулжээ. 

СКАУТ ХҮҮХДҮҮДИЙГ ХӨГЖҮҮЛЭХ 6 ТОМООХОН ЦОГЦОЛБОР ТӨВ АЖИЛЛАНА

  1. “Нүүдэлчдийн соёл цогцолбор” - /Монгол ахуй, нүүдэлчдийн соёл, уламжлалтай, танилцах өртөөнүүд/ - Зөвхөн гадаад оролцогчдод
  2. “Адал явдалт цогцолбор” - /Төрөл бүрийн авхаалж самбаа, эр зориг, багийн ажиллагаа шаардсан өртөөнүүд/
  3. “Шинжлэх ухаан, танин мэдэхүйн цогцолбор” - /Шинжлэх ухааны туршилтууд, танин мэдэхүйн сонирхолтой өртөөнүүд/
  4. “Браунси арал цогцолбор” - /Скаутын төрөл бүрийн ур чадваруудыг олгох, шинээр суралцах, хөгжих өртөөнүүд
  5. “Нийгмийн хөгжлийн хотхон цогцолбор” - /Амьдрах арга ухаанд хэрэгтэй, дэлхийн иргэний хувьд нийгмийн асуудлуудад анхаарал хандуулах мэдээллийг багтаасан өртөөнүүд/
  6. “Чөлөөт цагийн цогцолбор” - /Төрөл бүрийн спортын болон хөгжөөнт тоглоомууд, шинэ дуу, бүжиг сурах өртөөнүүд /

Хүүхэд бүхэн эдгээр төвөөр зочилж өөрийгөө сорьж, хөгжүүлж, шинэ мэдлэг, дадал, ур чадвар эзэмшихээс гадна үе тэнгийн олон найз нөхөдтэй болж, илүү ихийг хийж бүтээх хүсэл мөрөөдөл, тэмүүлэлтэй болоход туслах юм байна.

Байгалийн үзэсгэлэнт Баянголын хөндийд зохион байгуулах цогцолборт дотоодын скаутууд олноороо оролцохоор бүртгүүлээд байна.

Мөн энэхүү сонирхолтой арга хэмжээг очиж сонирхохыг хүссэн хүн бүхэн “Day Visitor” хөтөлбөрт хамрагдаж, 10,000 төгрөгийн төлбөр төлөөд скаут жемборийн бүсэд зочилж өдөр тутмын адал явдалт амьдралтай танилцах боломжтой гэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авах боломжтой юм.

Алслагдсан аймаг сумаас ирж оролцох хүүхдүүдийн замын зардлын асуудал тулгамдаад байгааг эс тооцвол жемборийн бэлтгэл бүрэн хангагджээ. Баян-Өлгий аймгийн нэг сумаас ирэх 17 хүүхдийн зардлыг яаравчлан шийдэхээр ажиллаж байгаа гэнэ. Хүүхдүүд долоо хоног майханд аж төрнө. Хийн зуухан дээр өөрсдөө хоолоо хийж идэхээс эхлээд хүүхдүүдийг амьдралд бэлтгэх томоохон сургууль болох бөгөөд скаутын байгууллагын онцлог ч тэр ажээ. 26 жилийн өмнө үүдээ нээсэн Монголын скаутын холбооныхон эгнээндээ 100 гаруй мянган скаутыг багтаасан байдаг бөгөөд ахмадууд энэ удаагийн жемборид урилгаар оролцоно. Зургаан наснаас эхлэн скаутын холбоонд элсэх эрх нээгдэх бөгөөд “Майхант цугларалт”-д каб скаутын /6-11 насныхан/ төлөөллийг цөөн тоогоор багтаасан гэнэ. 11-17 насныхан голчлон оролцох бөгөөд 18-аас дээш насны гишүүд зохион байгуулах багт багтаж байгаа юм байна. 

 

Сүүлд нэмэгдсэн