Нүүрсний экспорт хоёр дахин өсөв



Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хагаст өмнөх оны мөн үеэс тоо хэмжээний хувьд хоёр дахин, үнийн дүнгээр дөрөв дахин өсөөд байна. Үндэсний Статистикийн Хорооны мэдээллээс харвал оны эхний зургаан сард нүүрсний экспорт 19.1 сая тонныг давж, нэг тэрбум 282.3 сая ам.долларын орлого олжээ.

 

Үндсэндээ оны эхний хагас жилийн дүнгээр өмнөх жилүүдийн бүтэн жилийн дундажтай тэнцэхүйц хэмжээний нүүрсний экспорт хийгээд байна. Экспортолсон нүүрсний дийлэнхийг боловсруулаагүй, чулуун нүүрсний экспорт бүрдүүлжээ. Тайлант хугацаанд нийт эрдэс бүтээгдэхүүний экспорт 2.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүний 50-иас дээш хувийг нүүрсний экспортоос олсон орлого дангаараа бүрдүүлж байна. Экспортын гол зах зээл БНХАУ-ын Засгийн газраас нүүрсний салбартаа авч хэрэгжүүлж байгаа бодлого эрэлтийг нэмэгдүүлж, энэ нь Монголын нүүрсний компаниудын үйл ажиллагаанд эергээр нөлөөлж байгаа юм. Мөн олон жилийн доод цэгтээ хүрч, уналтад ороод байсан нүүрсний салбарт ханшийн сэргэлт бий болсон нь орлого нэмэгдэх шалтгаан болжээ.

Нүүрсний экспортын дийлэнх хэсгийг “Эрдэнэс Тавантолгой”-ийн экспорт бүрдүүлж байна. Зүүн болон баруун Цанхид олборлолт зэрэг явагдаж байгаагаас гадна экспортын үнээ өмнөх оны мөн үеэс харьцангуй нэмэгдүүлж чадсан байна. Тус компанийн мэдээлснээр I улиралд уурхайн амнаас нэг тонн нүүрсийг 60 орчим ам.доллараар борлуулж байсан бол долоодугаар сард зарласан тендерт борлуулах үнийг 69 ам.доллар болгоод байгаа юм. Мөн нүүрсний экспортын гол гарц болох Гашуунсухайтын боомтын нэвтрэлтийг сайжруулсан нь экспорт өсөхөд нөлөөлсөн гэж харж болохоор байна.

Б.Батманлай

Сүүлд нэмэгдсэн