Ганжуур, Данжуурыг кирилл бичигт хөрвүүлж байна



Бурхан багшийн айлдвар: Монгол Ганжуурын судалгааны олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр эхэллээ. ШУА-ийн Түүх археологийн хүрээлэн, Олон улсын Монгол судлалын холбоо хамтран зохион байгуулж буй энэ хуралд манай шинжлэх ухаан, боловсрол, шашны байгууллагуудаас гадна Ганжуурыг судалдаг Англи, Америк, Япон, Герман, Польш зэрэг 11 орны эрдэмтэд оролцон илтгэлээ хэлэлцүүлж байна.


Бурхан багшийн аман зарлигийн цоморлиг Ганжуур энэрэн нигүүлсэхүйн  сэтгэлд суурилж учир шалтгаан, шүтэн барилдлагын үүднээс юмс үзэгдэл, сансар хорвоогийн мөн чанарыг танин мэдэж гэгээрэх тухай онол сургааль юм. Энэ сургаалийг Ананд тэргүүтэй шавь нар нь эмхтгэсэн гэдэг.

Ганжуур нь винайн аймаг, судрын аймаг, авхидармын аймаг хэмээх гурван сав аймгийн 1260 гаруй нэр төрлийн номыг багтаасан их хөлгөн судар. Ёс суртахууны хэм хэмжээний тухай өгүүлсэн сургаалийг винайн, сэтгэл санааны хөгжлийн тухай өгүүлсэн номыг судрын, танин мэдэхүйн ухааны чиглэлийг авхидармын аймаг хэмээн ангилж судалдаг байна.

Монгол Улсын Үндэсний номын сангийн судлаач Ч.Гансүх, Монголчууд Ганжуур, Данжуур хэмээх агуу их цоморлиг зохиолуудыг өөрийн төрөлх хэл дээр XIII-XIV зууны үеэс орчуулж байжээ. Монгол Ганжуурыг монголч эрдэмтэд мэддэг хэдий ч гарчиг талаас нь Мажарын эрдэмтэн Лигети Лаюш 1942 онд анх удаа судалгааны эргэлтэнд оруулснаас хойш 60 жилийн дараа буюу 2002 онд Өвөрмонголд хэвлэгдсэн “Монгол Ганжуур, Данжуурын гарчиг” гэсэн хоёр томоохон бүтээл гарснаас өөр бүтээл одоогоор гараагүй байна. Үндэсний номын сангийн Монгол судлал- гар бичмэл номын сан хөмрөгт 1720 оны хооронд Бээжинд шунхан бараар барласан Ганжуур хадгалагддаг гэлээ.

Монголчууд Бурхан багшийн зарлигийн цомирлог Ганжуурыг хүндэлж дээдэлж шүтээн болгож, сурч судалж байсантай холбоотой олон сайхан үйл, бүтээж, ховор нандин ном бүтээлүүд туурвиж иржээ. Иймд тэдгээр уламжлалаас заримыг сэргээн сурталчлах, ном бүтээлүүдийг нь хэвлэх, орчуулах зэрэг нь Ганжуурыг орчуулах болон Ганжуур судлалын судалгааны ажилд маш их тустай гэж Варшавын их сургуулийн Дорно дахины судлалын сургуулийн Түрэг судлал, Дотоод Азийн тэнхимийн судлаач Р.Бямбаа ярив. 

Монгол Ганжуур Данжуурыг сонирхсон хүн бүрт судлах боломж олгохын тулд “Цогт Цагийн Хүрдэн” соёлын төв Монгол Ганжуур Данжуурын хөрвүүлэг төслийг санаачлан 2010 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн хүрээнд Монгол Ганжуур Данжуурыг кирилл бичигт хөрвүүлгийн чанар чансаа, хөрвүүлэх баг хамт олон, хөрвүүлгийг хянаж мэргэжил арга зүйн дэмжлэг өгч буйгаа тус төвийн ажилтан Б.Дарамбазар танилцуулав.


Японы Отани их сургуулийн профессор Т.Макүкава, Японд хадгалагдаж байсан болон байгаа монгол Ганжуур, Данжуурын талаар танилцууллаа. Тэрбээр, Киото их сургуульд Бээжин барын монгол Данжуур 39 боть, Богд Зонхавын сүнбүм 7 боть, Жанжаа xутагтын сүнбүм 2 боть буй. Бээжин барын монгол Данжуурын нэмэлт маягаар хэвлэгдсэн энэхүү Богд Зонхав, Жанжаа Хутагтын монгол сүнбүм бол эдүгээ хүртэл мэдэгдсэн цорын ганц эх дэвтэр болно. 


Монгол Алтан Ганжуур эдүгээ Өвөрмонголын Нийгмийн Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн номын санд хадгалагдан буй монгол бичмэл Алтан Ганжуур 20 ботитой нэг бичмэл судар болох магадлал өндөр байна. Харамсалтай нь тус бичмэл Алтан Ганжуур Токио их сургуулийн номын санд хадгалагдаж байгаад, 1923 онд Кантогийн газар хөдлөлтөөр шатаж алга болсон аж.

Өдгөө дэлхий дахинаа судлагдсаар байгаа бурхан багшийн зарлигийн цоморлог Ганжуурын судалгааны эрдэм шинжилгээний хурал маргааш үдээс өмнө үргэлжлээд өндөрлөнө. Хурлын дараа Монгол Улсын Үндэсний номын санд дэлгэсэн “Зарлиг эрдэнийн монгол соёл” үзэсгэлэн, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарч буй “Монголчуудын Ганжууртай холбоотой ном бүтээлийн өв” үзэсгэлэнг үзэж сонирхох юм байна.

 

Мэдээллийг gogo.mn-ээс хүргэлээ. 
 

Сүүлд нэмэгдсэн