Хэвлэл гэдэг бол хяналт болохоос биш Саарал ордныхны дуу хоолой биш



“Сэтгүүлчийн ажил арилжаа наймаанаас илүү үнэтэй, улс төрөөс илүү хүчтэй, бусдыг уриалан дуудах агуу урлаг билээ” хэмээн нэрт сэтгүүлч Ц.Балдорж хэлсэн байдаг. Сэтгүүлчид бол үнэний дуу хоолой болж, олон нийтэд өрнөж буй үйл явдал, мэдээллийг ил тод, үнэн бодитой хүргэх үүрэг хүлээсэн хүмүүс.

Гэтэл Төрийн ордоноос олон нийтэд мэдээ хүргэдэг сэтгүүлч Орднынхон сэтгүүлчдийг өөрсдийнхөө хэвлэлийн төлөөлөгч шиг байлгах гээд байна хэмээн цахим хуудсандаа бичсэн юм. Тэрээр "Үүнийг бичлээ гээд дахиад л үнэмлэх хураах байх даа. Парламентын сэтгүүлчдээ бүгдээрээ дуугармаар байна, тэгэх үү?

Нэг өдрийн дотор 2 удаа хураалгалаа.... Өнөөдөр ....

УИХ-ын гишүүдийг чуулганы хуралдаа суухгүй байгааг, хурал дээрээ ирээд кэнди краш тоглож байгааг, хоорондоо зодолдож байгааг, үгсээд хуйвалдаж байгааг зураглаач дурандаа буулгаж болохгүй. Сэтгүүлчид УИХ-ын гишүүнийг, Сайд нарыг хүсэх л юм бол ярилцлага авна, хүсэхгүй бол авч болохгүй. Яг ийм журмыг АН олон суудалтай З.Энхболдын ангийнхан батлаад М.Энхболдын ангийнхан хэт давуулан биелүүлж байна.
Өнөөдрийн байдлаар төрийн ордонд 200 гаруй сэтгүүлч нэвтэрч мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэдэг.
Төрийн ордны хамгаалалтын алба, УИХ-ын хэвлэл мэдээллийн алба надад харшилтай.
Харшилтай болсон шалтгаан
1. УИХ-ын гишүүдийг угаасаа хоцордог гэж хэлүүлсэн./С.Дэмбэрэл/
2. Ж.Энхбаяр гишүүн байнгын хороогоо ганцаараа даргалаад ганцаараа алх цохиод хууль хэлэлцээд байсныг гаргаж тавьсан.
3. Ц.Нямдорж гишүүнээс хүүгийнх нь шахааг гэнэдүүлж асууж яриулсан.
4. УИХ-ын гишүүдийн хэн нь хэдэн цаг хурлаасаа хоцорч байгааг журмын дагуу заасан цэгээс чуулганы өмнө сайтаараа лайв хийж явуулсан. Цөөн гишүүн хууль баталвал аюултай.
4. Хотын орлогч Батааг согтуу ордонд гуйвж явахыг камертаа буулгаад/ яриулаад гаргаагүй/
5. Засгийн газрын тэргүүн дэд дарга Ш.Солонгын өрөөний хаалганы хаягны зураг авсан. Солонго даргын өрөөний үүдэнд тэр ажлаасаа халагдаагүй ажлаа хийж байна гэж хөтлөлт хийхгүй юу. Журман дээр бол тэр газарт нь ярилцлага авч болохгүй гэсэн байдаг юм. Би ярилцлага аваагүй гэхээр, өөрөө өөртэйгээ ярьсан гэв.
6. Мөнхбат сайдыг өрөөний үүдэнд бичлэг хийсэн байх магадлалтай.

За хөөрхий нөгөө муу Өнөр чинь ингээд 6 удаа үнэмлэхээ хураалгаж ордноос гаргав.
Цаад учир шалтгаан нь ердөө энэ. Ордны хамгаалалтын албаны дарга Ариунболд гэдэг хурандаа бүүр намайг таньдаг болчихсон өөө бүр залхаж байна чамаас гэдэг болсон.
Би яахав хэрүүлч юм болохоороо наагуур цаагуур ярьж гүйж бгаал нэг юм олоод авах юм. Бүр парламент сурвалжлах эрхийг хасч дахиж үнэмлэх олгохгүй ч гэж үзсэн. Би тэмцэж байж олж авсан.
Ганцхан нэг муу ядарсан сэтгүүлч дээр л ийм олон зовлон ирж байна. Орднынхон сэтгүүлчдийг өөрсдийнхөө хэвлэлийн төлөөлөгч шиг байлгах гээд байна. Хэвлэл гэдэг бол хяналт болохоос биш тэдний дуу хоолой биш.
Ордонд нэг хэрэг гарвал намайг хийсэн гэж гүжирдээд хэзээ ч оруулж ирэхгүй болтол зохицуулчих гээд л байх шиг байна.
Би гишүүдээс ороод мөнгө нэхээд, шантааж хийгээд, өөр бас бус ёсзүйн зөрчил гаргах юм бол шууд л парламент сурвалжлах үнэмлэхийг үүрд хураагаал авчих бх. Яалт ч үгүй тийм зөрчилгүй, ажлаа хийгээд чичрээд байхаар яаж ч чадахгүй л байх шиг бн.
Төрийн ордонд хэвлэлийнхний эрх нэг ийм л байна даа найзууд минь. Гутраад бичив.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хэлтсийн даргаас нь уучлалт гуйж байж, хамгаалалтын албанд нь өргөдөл өгч байж нэг юм үнэмлэхээ авсаан. Дараагийн удаад тэдэнд таалагдахгүй мэдээ хийвэл бас л хураана.
Сэтгүүлч гэдэг саарал орднынхоны ав гэснийг нь аваал боль гэснийг нь болиол байдаг хэвлэлийн төлөөлөгч нь биш л юмдаа уууг нь" хэмээн бичжээ.

Сэтгүүлчийг ажил үүргээ гүйцэтгэх замд “хараат байдал” гэх хоёрхон үг хөндөлсөөд уджээ. Үүнд нөлөөлдөг хэд хэдэн зүйл бий. Хамгийн хүчтэй нь яах аргагүй улс төрийн нөлөөлөл. Тухайн үеийн эрх баригч хэн байгаагаас шалтгаалж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд чиглэл өгч, хаалтын гэрээ хийн, зөвхөн нэг талд хэвлэн нийтлэх үзэгдэл манайд төдийгүй бусад улс оронд түгээмэл байдаг нь нууц биш.

Ингэснээр сэтгүүлчид нийгмийн шударга бус үзэгдэл, муудаж ялзарсан хэсгийн үзүүрээс атгасан ч араас нь тууштай хөөцөлдөн хоточ нохойн үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрч байна.

Дараагийн хүчтэй нөлөө нь эдийн засаг. Нэн ялангуяа дорой буурай эдийн засагтай улсын хувьд төлбөртэй мэдээллээс татгалзахад бэрх. Ард олныг соён гэгээрүүлж, танин мэдүүлэх гол үүрэгтэй сэтгүүлчдийн үзэг нь мохоо байхад тэдний мэдээллээр “тэжээгдэж” байдаг олон нийт зарим үед шүүлтүүртэй мэдээлэл авдаг нь харамсалтай.

“Хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөө хэр хангагдаж байгаа нь тухайн орны улс төр, эдийн засагтай шууд холбоотой байдаг”  хэмээн Олон улсын Freedom house сан тайландаа тусгажээ. “Улстөрчид бол сэтгүүлчдийн ажилд хамгийн том садаа бологчид” хэмээн нэгэнтээ АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан Томас Жефферсон хэлжэ байсан удаатай. Манай улс хэвлэн нийтлэх эрх чөлөөгөөрөө “Хагас чөлөөт” гэх ангилалд багтдаг юм.

Сүүлд нэмэгдсэн