Шинээр ажилд орж буй хүнтэй гэрээ байгуулаагүй аж ахуйн нэгжийг 5-10 сая төгрөгөөр торгох заалт орууллаа



  • Үндэсний аюулгүй байдлын зөвлөл агаарын бохирдлын асуудлаар Төрийн ордонд өчигдөр /2017.01.10/ хуралдлаа. Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдол байх ёстой хэмжээнээс таваас долоо дахин ихдээд байгаа билээ. Үүссэн нөхцөл байдлын эсрэг нийслэлийн удирдлагын зүгээс хэд хэдэн арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн. Тухайлбал, Улаанбаатар хот руу шилжин ирэх хөдөлгөөнийГ ирэх 2018 оны нэгдүгээр сарын 1 хүртэл түр зогсоох, нийслэл хотод бүсчлэл тогтоон, зарим бүсэд утаа хаях түлшийг хэрэглэхгүй байх зэрэг арга хэмжээ авахаар болсон. Тэгвэл ҮАБЗ эдгээр шийдвэрийг дэмжиж зөвлөмж гаргахаар болжээ. Мөн шилжилт хөдөлгөөнийг хориглосон хугацааг сунгах боломжтой гэж үзсэн байна.


  • УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн /2017.01.10/ хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй 70 гаруй саналаар санал хураалгалаа.


  • УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар өчигдөр /2017.01.10/ Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцээд гишүүдийн олонхи дэмжсэнээр чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж, шийдвэрлэлээ. Хуулийн төсөлд дадлагажих хугацааг гурван сараас дээшгүй байх, энэ хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон түүнээс дээш төгрөгийн цалин олгохоор хуулийн төсөлд тусгажээ. Мөн оюутан залуус суралцаж байх хугацаандаа цагийн ажил хийх сонирхолтой байдаг тул төсөлд “Цагаар ажиллах” гэсэн шинэ зүйл нэмж, түүнд ажиллах цаг, цалин хөлсний тухай харилцааг зохицуулсан аж. Дээрх зохицуулалттай холбоотойгоор шинээр ажилд орж буй хүнтэй бичгээр буюу албан ёсоор гэрээ байгуулаагүй төрийн байгууллагыг 500 мянгаас нэг сая, аж ахуйн нэгжийг 5-10 сая төгрөгөөр торгох заалт оруулсан байна.


  • Галт тэргэнд хавчуулагдаж амиа алдсан хэрэг өнгөрсөн Даваа гаригт /2017.01.09/ гарсан байна. Тодруулбал, Амгалан өртөөний төмөр замын хоёрдугаар зам дээр сэлгээ хийж байсан 52 настай эрэгтэй Л хавчуулагдаж амиа алджээ. Иргэн Л “ДКУ 4250” мотовозын 946, 98-р вагоны хооронд холбогч найруулагчийн ажил хийж байсан гэв. Одоогоор энэ хэргийг Төмөр зам дахь цагдаагийн газарт шалгаж эхэлжээ.


  • Хятадын удирдагч асан Мао Зэдуныг шүүмжилж, цахим орчинд үзэл бодлоо илэрхийлсэн их сургуулийн профессор Дэн Сьяачао ажлаасаа халагджээ. Тэрбээр Мао Зэдуны мэндэлсний 123 жилийн ойн өдөр /2016.12.26/ Weibo сошиал сүлжээнд “Гурван сая хүнийг үхэлд хүргэсэн өлсгөлөн, хоёр сая хүний аминд хүрсэн Соёлын хувьсгалын буруутан нь Мао” хэмээн бичсэн байна.


  • Монголын Хөрөнгийн биржийн өчигдрийн /2017.01.10/ арилжааны үр дүнд зах зээлийн голлох индексүүд өсөлттэй байлаа. Тодруулбал, ТОП-20 индекс өмнөх хаалтаас 29.07 нэгж буюу 0.24%-иар өсч 12,208.37 нэгжид хаагдлаа.


  • Түргэн хоолны дэлхийн том сүлжээний нэг АНУ-ын McDonald's корпорац Хятад дахь хувиа зарах тохиролцоонд хүрлээ хэмээн Associated Press агентлаг өчигдөр /2017.01.10/ мэдээллээ. McDonald's эзэмшлийнхээ 80 хувийг 2,1 тэрбум ам.доллараар зарахаар болжээ. Citic групп болон тус группийн хөрөнгө оруулалтын Citic Capital компани хувьцааны 52 хувийг, харин The Carlyle Group 28 хувийг эзэмшихээр болсон байна.


  • Улаанбаатар хотын төвд байрлах “Сэнтрал Тауэр”-т гадаадын иргэн тэсрэх бөмбөг дэлбэлнэ хэмээн заналхийлсэн хэрэг өнгөрсөн Даваа гаригт /2017.01.09/ гарч, тус барилгыг цагдаа, онцгойгийнхон түр хугацаанд хамгаалалтад авсан. Сэжигтэн этгээд 51 настай АНУ-ын иргэн М байсныг хуулийнхан тогтоожээ. Хэргийг цагдаагийн байгууллага Тагнуулын ерөнхий газарт шилжүүлжээ. Хуулийнхны шалгалтаар ямар нэгэн тэсэрч, дэлбэрэх бөмбөг байхгүй болох нь тогтоогдсон байна.

Сүүлд нэмэгдсэн