Хонины ноосоор агаар шүүгч бүтээжээ



Хонины ноосоор агаар шүүгч бүтээжээ

Манай оронд бараг үнэгүйдээд байгаа ноосыг агаарын бохирдлын эсрэг ашиглах аргыг зохион бүтээгч Ц.Амарсайхан нээжээ. Тэрбээр хонины ноосоор амны хаалт, орон сууцны цонхны хаалт, машины агаар шүүгч, яндангийн шүүлтүүр зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн зохион бүтээсэн аж. Зөвхөн амны хаалт нь л гэхэд хөдөлмөр хамгааллын, хорт утааны, гамшгийн үеийн, энгийн, нянгийн халдвараас сэргийлсэн хэд хэдэн зориулалттай байж болохыг тэрбээр онцолсон.

Сайтар угаасан хонины ноосоор тамхины утаанаас хамгаалсан шүүлтүүр ч хийж болох гэнэ. Хонины ноос 500-гаас дээш хэмд шатдаг, нянгаас хамгаалдаг, байгалийн хамгийн сайн шүүлтүүрийн нэг аж. Тэр дундаа агаарын бохирдлын 98-аас дээш хувийг шүүдэг болохыг судалгаа, туршилтын явцад тогтоожээ.

Шинэ бүтээгдэхүүнийхээ дээж болох машины агаар шүүгчийг нийтийн тээврийн, том оврын автобусны тортгийг багасгахад хэр нөлөөтэй байгааг тэрбээр туршсан байна. Үр дүнд нь энэ төрлийн шүүлтүүр автомашины утааг тав дахин бууруулсан төдийгүй хөдөлгүүрээс ялгарч буй үнэрийг ч дарж буй нь тодорхой болсон байна.

“Аж ахуйн нэгж байгууллагууд бүтээлийг минь нэлээд сонирхож байгаа. Хамтарч ажиллахад бэлэн байна. Агаарын бохирдол ихэссэнтэй холбоотойгоор амны хаалт зайлшгүй хэрэглэх шаардлагатайг холбогдох байгууллагууд сэрэмжлүүлж буй. Гадуур ч янз бүрийн үнэ өртөг бүхий амны хаалт зарах болжээ. Бүр хэдэн зуун мянган төгрөгийн үнэтэй нь ч байна. Нэг талаар иргэдийн зовлонгоор бизнес хийж байгаа хэрэг биз дээ. Үнэтэй болохоор өндөр чанартай байх л даа.

Гэхдээ утаа ихтэй гэр хороололд амьдардаг, өдрийн хоолоо арай ядан авч идэж байгаа хүмүүс түүнийг авч чадах уу. Энэ мэт олон шалтгааны улмаас маш хямд өртгөөр агаарын бохирдлоос хамгаалах шийдэл олох гэж хонины ноосон шүүлтүүр зохион бүтээхээр шийдсэн. Хамгийн гол нь дотоодод маш элбэг, хямд түүхий эдээр бид эрүүл мэндээ хамгаалж буйгаараа давуу талтай. Нэг амны хаалт хийх зардал 200 орчим төгрөг л болж байгаа” гэж Ц.Амарсайхан хэллээ.

Тэрбээр уг бүтээлийнхээ оюуны өмчийн гэрчилгээг 2014 онд авсан юм байна.

 

Өнөөдөр сонин

Сүүлд нэмэгдсэн