“Mongolia’s next top model” нэвтрүүлэг 14-нд цацагдана



Монголын загварын ертөнцөд цоо шинэ өнгө төрх, шинэ дүр бий болгох зорилготой “Mongolia’s next top model” нэвтрүүлэг энэ сарын 14-нд буюу ирэх бямба, ням гарагт үзэгчдийн хүртээл болохоор товоо зарлалаа. АНУ-ын “CBS international” студийн албан ёсны эрхийн дагуу хийгдэж буй энэхүү нэвтрүүлэг “Боловсрол” телевизийн үзэгчдэд хүлээлт үүсгээд буй ээлжит томоохон гадаад контент болон ийнхүү мэндлэх гэж байна.

Дэлхийн өнцөг булан бүрт хүсэн хүлээж үздэг болсон энэхүү шоу нь бусад загварын нэвтрүүлгээс чанар, чансаагаараа үргэлж дээгүүрт бичигддэг. Тиймээс “Mongolia’s next top model” нэвтрүүлгийн багийнхан олон улсын стандартад нийцсэн хамгийн өндөр зэрэглэлийн уран бүтээлийг өргөн барихаар зэхжээ.

Нийт 220 гаруй охид бүсгүйчүүд тус нэвтрүүлэгт бүртгүүлснээс шилдэг 22 охин эхний дугаарт тэнцсэн байна. Тэднээс шилдэг 16 оролцогч дараагийн дугаарт өрсөлдөх эрхтэй болж байгааг төслийн багийнхан дуулгалаа.

Сонгон шалгаруулалт гурван үе шаттайгаар зохион байгуулагдсан юм. Олон улсын моделиудад тавигдах үндсэн шалгууруудыг давж чадсан оролцогчид шилдэг 22-т багтсан бөгөөд “Next top model” нэвтрүүлгийн түүхэнд амжилттай хэрэгжсэн болон нэвтрүүлгийн багийнхны зүгээс өгөх сонирхолтой сорилт, даалгавруудыг гүйцэтгэж ур чадвараараа өрсөлдөх нь ээ.

“Mongolia’s next top model” нэвтрүүлэг 14-нд цацагдана

Нэвтрүүлгийн хөтлөгч, шүүгчээр загвар өмсөгч, модель Нора ажиллахаар болсныг албан ёсоор зарласан. Түүнчлэн “On’n off” продакшны гүйцэтгэх захирал Т.Нансалмаа, загвар өмсөгч, жүжигчин Н.Оргил нар үндсэн шүүгчээр ажиллах юм. Хоёр сарын хугацаатай үргэлжлэх тус шоу нэвтрүүлгийн ерөнхий продюсероор “Buro 24/7” сэтгүүлийг үүсгэн байгуулагч Ө.Содгэрэл ажиллахаар болсон.

 

Оролцогчид “Хийморь” хотхонд байрлах тансаг зэрэглэлийн хаусд хоёр сарын турш байрлан амьдрах юм. Өөрийгөө нээж хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломж, хамгийн шударга өрсөлдөөн, сорилт дунд өсөн дэвжих, орчин үеийн загварын хэв маягтай хөл нийлүүлэн алхах боломж гээд дэлхийн тавцанд Монгол модель өрсөлдөх хамгийн том үүд хаалгыг нээж байна.

“Mongolia’s next top model” нэвтрүүлэгийн ялагч Үндэсний оператор “Жи-Мобайл” компанийн нүүр царайгаар нэг жилийн хугацаатай ажиллах эрх, 20 сая төгрөгийн мөнгөн шагнал, Парис хотоор аялах эрх, Сингапур улсын “Looque” загварын агентлагтай хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулан ажиллах эрхээр шагнуулах нь ээ.

Сүүлд нэмэгдсэн