Торгуулийг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уядгийг өөрчилнө



Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой торгууль шийтгэврийн хэмжээ, ялангуяа зөрчил гаргасан жолоочдод оноож байгаа мөнгөн торгууль нэмэгдсэн нь иргэдийн бухимдлыг төрүүлж эхэлсэн.

Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэх гарцыг Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд тусгаж, удахгүй шийдвэрлэх боломжтой гэдгийг УИХ-ын гишүүн, Хууль, зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өчигдөр /2017.01.05/ хуралдсан чуулганы хуралдааны үеэр мэдэгдсэн юм.

Тэрбээр “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жилд нэг удаа, шаардлагатай бол жил бүр нэмэгдүүлж байгаа. Үүнтэй холбоотойгоор торгуультай холбоотой асуудлууд иргэдийн амьдралд шууд нөлөөлж, хүндээр тусч байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240 мянган төгрөг болгосноор хэдхэн хоногийн өмнө 192 мянган төгрөгөөр торгуулах байсан жолооч шууд 240 мянган төгрөгөөр торгуулж байна. Гаргасан зөрчил нь ижил, шийтгүүлж байгаа хууль нь адил мөртлөө торгуульд төлөх мөнгө нь огцом өссөн. Торгууль шийтгэврийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уясан нь иргэдэд эргээд хүндээр тусах болсон тул Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд тооцооны нэгж ашиглахаар хуулийн төсөлд тусгаад байна” гэсэн юм.

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ:


НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ: ДҮРЭМ ЗӨРЧСӨН ЖОЛООЧИЙГ ТОРГОХ ХЭМЖЭЭ

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хувиар буюу нэмж, 240 мянга байхаар тогтоосон. Энэхүү өөрчлөлтийг 2017.01.01-нээс мөрдөж эхэллээ. Ингэснээр хуульд заасан торгуулиудын хэмжээ өсч байна. Тухайлбал, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн жолооч нарыг торгох торгуулийн хэмжээ нэмэгдэж байна. Өмнө нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөг байхад торгуулийн хэмжээ 9600-1.000.000 төгрөгийн хооронд байсан бол 2017 оноос 9600 төгрөгийн торгууль 12000 төгрөг болж нэмэгджээ. 

Ядарсан үедээ жолоо барьвал 60 мянгаар торгоно

Согтуугаар машин жолоодвол эрхийг нь хасч, нэг сая төгрөгөөр торгоно

Утсаар яривал 12000 төгрөгийн торгуултай

Гэрлэн дохио зөрчвөл 24000 төгрөгөөр торгоно

Зам тавьж өгөх шаардлагыг биелүүлээгүй бол 24000 төгрөгөөр торгоно

Бичиг баримтгүй жолоо барьвал 60 мянган төгрөгөөр торгоно

Бүртгэлгүй тээврийн хэрэгсэл жолоодвол 120 мянган төгрөгөөр торгоно

Бүс зүүгээгүй бол 12000 төгрөгөөр торгоно

Гарцгүй газраар гарсан явган зорчигчийг 24000 төгрөгөөр торгоно

Урсгал сөрвөл 120000 төгрөгөөр торгоно

Дугаар нь зөрчилтэй машин жолоодвол 60000 торгоно

 

М.Буянжаргал

Сүүлд нэмэгдсэн