Хөдөлмөрийн хөлсний хэмжээгээр жишиг барьдаг төлбөр, торгуулийн хэмжээ нэмэгдлээ



Хөдөлмөрийн хөлсний хэмжээгээр жишиг барьдаг төлбөр, торгуулийн хэмжээ нэмэгдлээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 20-нд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо хуралдан тогтоол баталж 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хувиар нэмж 240 мянган төгрөг болгохоор шийдвэрлэсэн билээ. Уг шийдвэр өчигдрөөс эхлэн мөрдөгдөж эхлээд байна.

Харин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой торгуулиуд дагаад нэмэгдсэн юм. Эх сурвалжын мэдээлж буйгаар хуульд заасан торгуулиудын хэмжээ өснө гэж тайлбарлаж байсан. Гэтэл өнөөдрөөс Замын Цагдаагийн газраас мэдээлснээр ЗХАБТХ-ийн 35 дугаар зүйлд заасан “Хамгаалах бүс, хамгаалалтын малгай” хэрэглээгүй тохиолдолд өмнө нь 9600 төгрөгөөр торгож байсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр 12,000 төгрөг болж өөрчлөгдөж байна. Мөн ЗХАБТХ-ийн 41 дүгээр зүйл Тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлсэн тохиолдолд 24,000 төгрөгөөр гэх мэт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр дүйцүүлдэг бүх торгуулийн хэмжээ дээр дурдсан шиг өөрчлөгдөж байна гэдгийг хэлсэн юм. Тиймээс ЗЦГ-аас бүх хуульд заасан хариуцлагын хэмжээ нэмэгдэж байгаа учраас иргэд хууль дүрмээ баримтлаж явбал торгуулахгүй гэдгийг нэмж хэллээ.

Түүнчлэн Жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаагүй бол Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192500 төгрөгөөр торгодог байсан бол ирэх жилээс энэ тоо 240.000 төгрөг болно. 

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцдог торгууль шийтгэлийн хэмжээ нэмэгдэхээс биш ард иргэдийн цалин нэмэгдэхгүй гэдэг дүр зураг харагдаж байна.

Ялангуяа хувийн компаниуд цалингаа тэр бүр нэмэхгүй. Иргэдийн хувьд хувиараа нийгмийн даатгал төлдөг бөгөөд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр баримжаалан төлдөг аж. Хамгийн багадаа 21 мянган төгрөг байдаг тэгвэл энэ тоо өчигдрөөс өсөж байгаа юм.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажилд ажиллаж байгаа ажилтанд төлөх хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээ юм.

Иймээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн нь хөдөлмөр эрхлэгчдэд ямар ч ашиггүй гэдгийг эх сурвалжууд хэлж байна.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэж буйтай холбоотойгоор төрийн албан хаагчдын цалин энэ удаад нэмэгдэхгүй аж. Урьд нь бага ч гэсэн нэмэгддэг байсан бол эдийн засгийн хямралаас үүдэн Засгийн газар 2017 онд цалинг нэмэхгүй байхаар шийдвэрлэсэн. Харин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 192 мянган төгрөгөөр цалинждаг байсан ажилтнуудад энэ шийдвэр хамаатай юм.

М.Буянжаргал

Сүүлд нэмэгдсэн